07/05/2025
За сүүлийн үед шуугиулаад байгаа нүүрсэн эмний ИД ШИДийн талаар тайлбар бичихгүй бол болохгүй нь ээ. Комментуудыг нь уншаад л зүрх савлаад явчих чинь лээ шүү.
НҮҮРСЭН ЭМ ГЭЖ ЮУ ВЭ?
Идэвхжүүлсэн нүүрс (activated charcoal/carbon) буюу бидний хэлж заншсанаар Нүүрсэн хар эм нь өөрөө биед шингэх бус ходоод гэдсэнд орсон хорт бодис, эм, химийн нэгдлийг өөртөө шингээж гадагшилдаг бодис юм.
🛑 ХЭЗЭЭ ХЭРЭГЛЭХ ВЭ?
1.Хоол хүнс, эмийн хордлого болсон тохиолдолд (эмнэлгийн заавраар)
2.Зарим үед гэдэс дүүрэх, хий ихсэх үед хэрэглэх боловч ЗӨВ ТУНГААР, ХЯЗГААРТАЙ хэрэглэх ёстой.
Зарим хүмүүс нүүрсэн эмийг жин хасах, арьс цайруулах зэрэгт буруу ойлголтоор ашиглаж байх шиг байгаа юм. Гэвч энэ нь ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛГҮЙ зүйл юм. Доор тайлбарлая.
❌ 1. Нүүрсэн эм жин хасахад туслах уу?
Үгүй. Нүүрсэн эм нь бие дэх өөх тос, калори, эсвэл бодисын солилцоог өөрчилдөггүй. Түүний үндсэн үүрэг бол:
1. Хорт бодис, химийн нэгдлийг механикаар өөртөө шингээж, гадагшлуулах болохоос биеийн өөхийг шатаах, хоол боловсруулах үйл явцыг сайжруулах, эсвэл калори шатаах зэрэгт огтхон ч нөлөөлдөггүй ээ.
Аан харин уусан хүмүүс турсан, жин хассан мэт мэдрэмж авдаг нь түр зуур гэдэсний хий багасч, өтгөн шингэний хэмжээ мөн түр зуур өөрчлөгдсөнтэй холбоотой байх нь ээ.
❌ 2. Арьс цайруулах үйлчилгээтэй юу?
Үгүй. Арьсны өнгө нь Меланин хэмээх пигментийн хэмжээ, удамшлын хүчин зүйлс, нарны гэрэлд өртөлт зэрэгтэй холбоотой бол нүүрсэн эм нь арьсны меланины хэмжээг өөрчилдөггүй аж.
Нүүрсэн эм нь цусанд шингэж чаддаггүй учир арьсанд системийн (дотоодоос) нөлөө үзүүлэх БОЛОМЖГҮЙ. Зарим нүүрстэй маск, гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь арьсны тос, бохирдлыг гаднаас цэвэрлэх үйлчилгээтэй бөгөөд ЦАЙРУУЛАХ БУС ЦЭВЭРЛЭХ үйлчилгээтэй гэдгийг санаарай.
⚠️ Буруу хэрэглэснээр гарах эрсдлүүд:
Амин дэм, шим тэжээлийн саатал- Таны биед байх хэрэгтэй бодисуу болох эрдэс, витамин зэргийг өөртөө шингээж гадагшилснаар амин дэм, шим тэжээлийн дутагдалд орох, яс сийрэгжих, төмрийн дутагдалд орох, үс хумс унах хугарах гэх мэт олон асуудлууд үүснэ.
Эмийн үйлчилгээ бууруулах- Таны уусан эмийн үйлдлийн хүчийг сулруулснаар тухайн эм үйлчилгээ үзүүлж чадахгүй болно.
Гэдэс хямрах, өтгөн хатах- Мэдээж таны гэдсэн дэх хамаг ус, эрдсийг өөртөө шингээчихээр өтгөн хатах бол мэдээжийн л зүйл.
Эмчилгээний заалтгүй хэрэглэсэн тохиолдолд элэг, бөөрөнд ачаалал өгөх эрсдэлтэй.
ТИЙМЭЭС та бүхэн энэхүү эмийг зөвхөн эмч болон эм зүйчийн заавраар, уувал зохих үед буюу хордлогонд орсон эсвэл гэдэс хийгээр дүүрсэн тохиолдолд л хэрэглэж заншина уу.
❌ ХОРИГЛОХ ЗААЛТУУД
🔴 Хордлогын шалтгаан нь идэвхжүүлсэн нүүрст шингэдэггүй бодис буюу:
Хүчил, шүлт (жишээ: батарейн шингэн, угаалгын бодис)
Металл (жишээ: төмөр, хар тугалга, литий)
Спиртүүд (жишээ: этанол, метанол)
🔴 Хоол боловсруулах замын цоорол, цус алдалт
🔴 Бөөлжих, ухаан алдсан, ухаан санаа бүдгэрсэн үед (амьсгалын замд орох эрсдэлтэй)
→ Эмчийн хяналтгүй бол амьсгалын замд орж, амь насанд аюултай байж болзошгүй
🔴 Нүүрсэн эм уусны дараа өөр эм уух шаардлагатай бол
(Нүүрсэн эм бусад эмийн үйлчлэлийг бууруулдаг, шингээлтийг саатуулдаг)
🔴 Гидратац (шингэн алдалттай) өвчтөн
(Нүүрсэн эм өтгөн хаталтыг нэмэгдүүлж, шингэний дутагдал гүнзгийрүүлж болзошгүй)
🔴 Цусны эргэлтийн ноцтой хямралтай (шок) хүмүүс
Эдгээр тохиолдолд ходоод гэдэсний хөдөлгөөн удааширч, эмийн шингээлт буурдаг тул хэрэглэхгүй.
Энэ хүртэл уншиж дууссан танд баярлалаа. Буруу мэдээлэлд итгэсэн олон хүн байгаа тул шэйр хийж хүмүүсийн буруу ойлголтыг засахад туслаарай💚
Баярлалаа.
instagram: zuvdose
facebook: zuvdose
threads: zuvdose