18/06/2026
Нимгэн хирнээ үнэхээр их увидастай гайхалтай ном байгаа юм даа. Маш олон хүнд өгч уншуулж байтал алга болчихсон. Хэн авсан нь бүү мэд. Энэ номоо олох юм сан гэж бодоод явж байтал Purevee Lkhagvasuren эгч маань: - Хайгаад байсан ном чинь энэ мөн үү гэсээр шинийг бариад ороод ирж билээ. Буян нь дэлгэрсэн хүн шүү 🥰🥰🥰
Энэ номыг анх найзаасаа түр зээлж аваад яаран уншчихаад төдийлөн сайн ойлголгүй буцааж өгч байлаа.
Гэхдээ хачирхалтай нь номын зарим санаа сэтгэлд үлдэж, үе үе бодогдоод байдаг байв. Тэр бүрд:
"Одоо дахин уншвал арай өөрөөр ойлгох болов уу?" гэсэн бодол төрнө.
Тэгээд хоёр жилийн өмнө хайж явсаар Гандангийн гаднах жижигхэн номын дэлгүүрээс энэ номыг олж хараад ямар их баярласнаа санадаг юм. Хүн ер нь хайж байсан зүйлээ олохоороо хүүхэд шиг баярладаг шүү дээ.
Мэдээж шинэ ном байгаагүй. Хуучин, нэлээд элэгдсэн хувь байсан. Гэхдээ зарим номын үнэ цэнэ нь гаднах төрхөндөө биш, доторх ухааралдаа байдаг аж. Надад сэхээрэл, эргэцүүлэл, өөрийгөө харах шинэ өнцөг өгсөн номнуудын нэг нь энэ буйзаа.
Номоос өөртөө хамгийн их тусгаж авсан санаануудаа хураангуйлан хүргэж байна.
# 1. Амгалан ба зовлон хоёулаа сэтгэлээс бүтдэг
Бидний мэдэрч буй амгалан, зовлонгийн ихэнх нь гадна нөхцөлөөс бус, түүнийг хэрхэн хүлээн авч байгаагаас шалтгаалдаг.
# 2. Зовлонд дургүйцэхээ боль
Зовлонг дайсан гэж үзэх тусам шаналал нэмэгддэг. Харин зовлонг амьдралын багш гэж хүлээн авбал ач тустай болж эхэлдэг.
# 3. Зовлонтой байхдаа ч баясаж сур
Саад бэрхшээл бүр өсөлт, ухаарал, тэвчээрийн боломж агуулдаг. Тиймээс зовлон дунд ч суралцах зүйлээ олж хар.
# 4. Уур амгаланг устгадаг
Уур бол өөрийгөө түлж байгаа халуун нүүрс мэт. Уурлах бүрдээ бид өөрийн амгалан тайван байдлыг алдаж байдаг.
# 5. Тэвчээр уурын эсрэг эм
Уурыг хүчээр дарах биш, тэвчээрээр уусгах хэрэгтэй. Тэвчээр нэмэгдэх тусам сэтгэл амгалан болж, гадаад төрх хүртэл зөөлөрдөг.
# 6. Хүсэл ханашгүй тул зовлон төрүүлдэг
Хүслийг дагах тусам шинэ хүсэл төрдөг. Хүсэл биелсэн ч сэтгэл бүрэн ханахгүй. Иймээс хүсэлд бус, сэтгэлдээ эзэн болох хэрэгтэй.
# 7. Даган баясах нь атаархлын эсрэг эм
Бусдын амжилт, аз жаргал, сайн сайханд чин сэтгэлээсээ баярлаж чадвал атаархал, бардамнал, уур аяндаа багасдаг.
# 8. Бусдын аз жаргалд баярлах нь хамгийн хялбар буян
Хэн нэгний амжилтыг сонсоод чин сэтгэлээсээ баярлахад өөрт тань ч аз жаргал төрж, сайн үйлийн үр хуримтлагддаг.
# 9. Буянаас амгалан, нүглээс зовлон бүтдэг
Өөрийгөө бодох тусам шунал нэмэгдэж, шунал нэмэгдэх тусам сэтгэл ханамж буурдаг. Харин бусдын төлөө бодох тусам амгалан нэмэгддэг.
# 10. Амгаланг гаднаас хайх хэрэггүй
Жинхэнэ амгалан мөнгө, эд хөрөнгө, нэр хүндээс биш, өөрийн сэтгэлээс эхэлдэг. Амгаланг гаднаас хайвал хэзээ ч ханахгүй.
# Амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээж буй 3 дадал бол
1. Хүн бүрийн амжилт, аз жаргалд даган баясах
2. Зовлон бэрхшээлд дургүйцэхийн оронд талархан хүлээж авах
3. Уур төрөх бүрд тэвчээрийг сонгож, сэтгэлээ амгаланд хувиргах
Аминчлан зөвлөмж:
Хэн нэгэн жаргалтай, амжилттай байгаа бол ЧАМД даган баясаж бн гээд хэлчихэж байгаарай.
Көүчийн асуулт:
Тулгарч байгаа асуудлыг зовлон гэж харж байна уу? суралцах боломж гэж харж байна уу?