19/06/2026
2023онд Macquarie-д “Нуруу нугаламын засал” магистрын хөтөлбөрт суралцаж эхлэх үед англи хэл тааруу, өөрийгөө олигтой илэрхийлж чаддаггүй, лекц сонсоод 50%-тай ойлгох уу үгүй юу л байсан. Маш тод санадаг юм. Эхний хичээл орж байх үед багш надаас асуулт асуугаад би ойлгохгүй “айн, би ойлгосонгүй” гэж хэлээд ангийн оюутнууд нирхийтэл инээлдэж байсныг. Маш энгийн юм л асуусан юм шиг байгаан. Би англи хэл тийм ч сайн биш, дээр нь австрали аялга ойлгохгүй байснаас болсон юм л даа. Ингэж л миний Macquarie-д суралцах аялал бүтэлтэй ч юм шиг бүтэлгүй ч юм шиг эхлэж байсан юм.
Маш хүнд хүнд хичээлүүд ар араасаа орсоор амьсгаа өгөлгүй 3 жил өнгөрсөн. Тархи Мэдрэлийн анатоми, физик, дүрст оношлогоо, chiropractic-ын техникийн хичээлүүд, судалгаа, оношлогоо, дадлага гэх мэт нийт 240 кредитийн хичээлийг 3 жилд сурсан. Чадахдаа чадаад, чадахгүйдээ чадахгүй, уйлахдаа уйлаад, инээхдээ инээгээд өнгөрүүлсэн.
Хамгийн гол нь бууж өгөлгүй ард нь гарч дуусгаж чадсан нь юм. Тухайн үедээ хэзээ ч бүтэхгүй мэт санагдаж байсан аялал өнөөдөр бүтээд, биелээд, давж гарсандаа, хичнээн ядарсан ч өөрийгөө түлхэж, зоригжуулж байсандаа одоо өөртөө талархаад баршгүй.
Энэ их хичээлийн хажуугаар би хоёр хүүхдийн ээж, эхнэр хүн. Гэр орны ажил, хүүхдүүдийн сургууль, дугуйлан, хүргэж өгөх, авах гээд дуусашгүй олон ажлыг зохицуулна. Нэг хэсэг хоёр зэрэг ажил ч хийж байсан. Амралтын өдрүүдээр бариа хийж, ажлын өдрүүдэд хичээлээ тараад орой нь тахиа шардаг газар ажиллаж, шөнө 12 цагт тардаг үе ч байсан. Ер нь бол хэзээ ч зүгээр сууж үзээгүй.
Хэцүү байсан уу? Хэцүү байсан.
Больчихмоор, шантармаар, өөрийгөө ингэж зовоож байхаар зүгээр л больчихъё гэж бодогдох үе олон байсан.
Амьдралд бүх зүйл харагдаж байгаа шигээ төгс байдаггүй юм билээ. Хүн бүр өөр өөрийн гэсэн ямар нэгэн сорилтыг даван туулах гэж хичээж байдаг.
Гэхдээ байна ш дээ хамгийн сайхан нь юу вэ гэвэл одоо байгаа хэцүү үе мөнх биш гэдгийг ойлгох. Удахгүй дуусна гэдгийг өөртөө сануулж чадвал нартай өдрүүд үргэлж хүлээж байдаг юм байна.
Энэ бяцхан түүхээ хуваалцаж байгаа нь хэн нэгэнд хэцүү үед нь өчүүхэн ч гэсэн итгэлийн оч өгөх болов уу гэсэндээ.
Унасан ч босоод өвдгөө гөвөөд зоригтой дайраарай.💪🏼