30/08/2026
Та архийг уудаггүй.
Архи таныг уудаг.
Ингэж хэн нэгэн хэлбэл та итгэх үү?
Харин би итгэдэг болсон...
Эрчимт эмчилгээний тасаг гэх үхэл, амьдралын дэнсэнд амь тэмцдэг энэ цэгт 10 гаруй жил зогсохдоо архи уугаад жаргасан хүнийг биш, архинд биеэ, эрүүл мэндээ, амьдралаа уулгачихсан хүмүүсийг олон харлаа даа.
Архи уугаад хэн ч жаргадаггүй ээ...
🧠 Удаан хугацааны архины хэрэглээ тархины үйл ажиллагааг өөрчилж, донтох эмгэг, танин мэдэхүй болон сэтгэцийн өөрчлөлтөд хүргэж болно. Хордлого болон сэтгэцийн хүнд өөрчлөлтийн үед хүн өөрийгөө болон бусдыг гэмтээх эрсдэл ч нэмэгдэнэ.
❤️ Архины удаан хугацааны хэрэглээ зүрхний булчинг гэмтээж, хэм алдагдал, артерийн даралт ихсэлт, зүрхний дутагдалд хүргэж болно. Мөн тархинд цус харвах эрсдэлийг нэмэгдүүлнэ. Харвалтын дараа хүний амьдрал ганцхан мөчид өөрчлөгдөж, бусдын байнгын асаргаа шаарддаг болох ч эрсдэлтэй.
🫀 Элэг өөхлөхөөс эхэлсэн өөрчлөлт үрэвсэл, фиброз, цаашлаад элэгний хатуурал, дутагдалд хүрч болно. Нойр булчирхайн цочмог болон архаг үрэвсэл ч архитай холбоотой тохиолддог.
🦠 Дархлааны хэвийн үйл ажиллагаа алдагдаж, халдварт өртөмтгий болно. Хоол тэжээлийн дутагдал, аминдэмийн дутагдал, захын мэдрэлийн гэмтэл болон бодисын солилцооны олон өөрчлөлт дагалдана.
🚫 Архины хүнд, цочмог хордлогын улмаас олон эрхтний эргэшгүй дутагдалд орсон өвчтөнд хичнээн сайн эмчилгээ хийсэн ч цоорхой саванд ус хийхтэй адил болох үе байдаг...
Архины хамааралтай хүн ганцаараа өвддөггүй. Гэр бүл нь хамт өвддөг.
“Архаг архичин” гэх нэр таны нэрний араас зүүлттэй болох үед хайртай хүмүүсийн тань үүрэх ачааг энд тоочоод ч барахгүй биз ээ.
Эрчимт эмчилгээний тасгийн үүдэнд горьдлого тээж, эмчийн амнаас гарах ганц сайхан үгийг хүлээн, хүний царай, ая харж зогсох ар гэрийнхнийх нь нүдэнд айдас, найдвар, ядаргаа гурав зэрэгцэж байдаг💔...
🏥 Архины хамааралтай болсон хүний архины хэрэглээг гэнэт зогсоох үед үгүйлэх хам шинж үүсч, хүнд үедээ таталт, хий юм харах, дэмийрэх зэрэг амь насанд аюултай хүндрэлд хүргэдэг.
Тиймээс архины хамаарал бол зүгээр нэг “муу зуршил” биш. Эмчилгээ шаарддаг эмгэг.
Тусламж авахын тулд заавал эмнэлгийн орон дээр ирэх хүртлээ хүлээх хэрэггүй.
Учир нь тэр үед архи аль хэдийн хүнийг “уучихсан” байх нь бий...
🚫🍺 Та архийг уудаггүй.
Архи таныг уудаг...