17/06/2026
(Mongolian below)
On 17 June 2026, Mongolia launched the Mongolia Partnership for Science and Research, bringing together researchers, policy-makers, academic institutions, UN agencies and development partners to advance science, innovation and evidence-informed decision-making for health. Read the full story in the comments.
---
2026 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) хамтран "Монгол Улсын шинжлэх ухаан ба судалгааны түншлэл"-ийг албан ёсоор эхлүүллээ. Энэхүү үндэсний хэмжээний түншлэл нь төрийн болон эрдэм шинжилгээний байгууллагууд, хөгжлийн түншүүд, мэргэшсэн байгууллагууд ба судлаачдын хамтын ажиллагааг идэвхжүүлэх замаар нотолгоонд суурилсан эрүүл мэндийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, шийдвэр гаргахад эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнд үндэслэн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.
Нээлтийн арга хэмжээнд үндэсний болон олон улсын судлаач, шинжээчид оролцож, Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэх, илүү эрүүл, аюулгүй, тогтвортой ирээдүйг бүтээхэд анагаахын шинжлэх ухаан, судалгаа, инновацын гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг хэлэлцлээ. Энэхүү түншлэлийг Эрүүл мэндийн яам болон ДЭМБ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага зэрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын агентлагууд болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд хувь нэмрээ оруулж байна. Энэ нь эрүүл мэндийн салбарын шинжлэх ухаан, судалгааг хөгжүүлэхэд чиглэсэн өргөн хүрээтэй, олон салбарын хамтын ажиллагаа юм.
Сүүлийн хэдэн арван жилд Монгол Улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөр болон анагаахын шинжлэх ухааны хөгжилд оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнд хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтүүд мэдэгдэхүйц сайжирсан. Гэвч шинээр үүсч буй эрүүл мэндийн аюул занал, хүн ам зүйн болон байгаль орчны өөрчлөлт, түүнчлэн халдварт ба халдварт бус өвчний өсөн нэмэгдэж буй дарамтанд хариу арга хэмжээ авахын тулд судалгааны тогтолцоог бэхжүүлэх, нотолгоог үр ашигтай ашиглах явдал нь шийдвэр гаргалтыг оновчтой болгох, тогтвортой хөгжил болон эрүүл мэндийн тогтолцооны тэсвэржилтийг хангахад улам ач холбогдолтой болж байна.
Судалгаа, бодлого, практикийн уялдаа холбоог бэхжүүлэхэд чиглэсэн энэхүү түншлэл нь эрүүл мэндийн аюулгүй байдал, халдварт болон халдварт бус өвчин, “Нэг эрүүл мэнд” (One Health), орчны эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн нийгмийн тодорхойлогч хүчин зүйлс зэрэг тэргүүлэх чиглэлүүдэд судалгаа, инновацыг дэмжинэ.
Нээлтийн үеэр Эрүүл мэндийн яам, ДЭМБ, Нэгдсэн Үндэстний Байгууллагын агентлагууд, эрдэм шинжилгээний байгууллагууд болон хөгжлийн түншүүдийн төлөөлөгчид хамтын ажиллагааны үүрэг амлалтаа баталгаажуулсан Санамж бичиг (Aide Memoire)-т гарын үсэг зурлаа.
“Нотолгоонд суурилсан шийдвэр гаргалт нь тэсвэртэй, ирээдүйд бэлэн эрүүл мэндийн тогтолцооны тулгуур үндэс юм. Энэхүү түншлэл нь Монгол Улсад анагаахын шинжлэх ухаан, бодлого, практикийн уялдаа холбоог бэхжүүлэх чухал гүүр болно” хэмээн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр онцлон тэмдэглээд, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг чиглүүлэх, хүн амын эрүүл мэндийн үр дүнг сайжруулахад анагаахын шинжлэх ухаан, нотолгооны ач холбогдол нэн чухал болохыг онцоллоо.
“Номхон далайн баруун бүсийн хэмжээнд ДЭМБ-ын гишүүн улс орнууд, тэр дундаа Монгол Улс хүн ам зүйн шилжилт, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлүүд, халдварт бус өвчний өсөн нэмэгдэж буй ачаалал зэрэг улам бүр ээдрээтэй эрүүл мэндийн сорилтуудтай нүүр тулж байна. Үндэсний судалгааны тогтолцоог бэхжүүлж, шийдвэр гаргалтад хамгийн чанартай, найдвартай нотолгоог ашиглах нь ирээдүйд тэсвэртэй эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлэхэд нэн чухал юм.” хэмээн ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др Саиа Ма'у Пиукала онцлон тэмдэглэв.
“Монголын Шинжлэх ухаан ба Судалгааны түншлэл нь шинжлэх ухаан, бодлого, хэрэгжилтийн хоорондын уялдаа холбоог бэхжүүлж, хамтын үүрэг амлалтыг харуулж байна. Судалгаа уялдаа холбоотой, бодит хэрэгцээнд нийцсэн бөгөөд үр дүнтэй ашиглагдвал энэ нь эрүүл мэндийн үр дүнг сайжруулах, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх хүчирхэг хөдөлгөгч хүч болдог.”
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте “Энэхүү түншлэл нь байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ судалгааны үр дүнг илүү тогтвортой, өргөн хүрээнд практикт хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа”-г онцоллоо.
"Шинжлэх ухаан бол эрүүл мэндийг сайжруулах бидний хамгийн хүчирхэг хэрэгслүүдийн нэг юм. Судлаачид, бодлого боловсруулагчид, хэрэгжүүлэгч болон түнш байгууллагуудыг нэгтгэснээр энэхүү түншлэл нь шийдвэр гаргалтад нотолгоог ашиглах, улмаар тэрхүү мэдлэгийг Монгол орны өнцөг булан бүрт амьдарч байгаа хүмүүс болон олон нийтийн эрүүл мэндийн илүү сайн үр дүн болгон хувиргахад чухал хувь нэмэр оруулна" хэмээн Др Эскаланте хэлээд, тогтвортой хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
"Монголын шинжлэх ухаан ба судалгааны түншлэл" нь судалгааны тогтолцоог бэхжүүлэх, хамтын ажиллагаа, инновац болон нотолгоонд суурилсан шийдвэр гаргах соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн чухал алхам юм. Тогтвортой түншлэл, хамтын үүрэг амлалтаар дамжуулан энэхүү санаачилга нь өнөөгийн болон ирээдүй үеийн эрүүл мэндийг сайжруулах, тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой.